Эдийн засаг

УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиннар энэ сарын 14-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн  бодлого”-ын хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжих, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Улмаар экспортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгосноор экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой.

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул энэ үеэр хэлсэн үгэндээ:-

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн манай улс түүхий эдийг экспортолж, эргүүлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг импортолдог улс болж хувирсан байна. Эдийн засгийн бүтцийн энэ гажуудлыг засахын тулд бид аж үйлдвэржилтийг хөгжүүлэх ёстой. Үүний тулд эдийн засагт тулгараад буй хязгаарлагч хүчин зүйлст илүү хөрөнгө оруулалт хийж ажиллах шаардлагатай байна. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн цөм нь юм. Нөгөө талаар манай улс гадаад худалдаа ихээр хийдэг боловч гадаад худалдааны санхүүжилтийг олон улсын түвшинд хийх механизм байхгүй байна. Бодлогын банкны хувьд энэ орон зайг анхаарч ажиллах болно.” хэмээн онцлов.

Уул уурхайн бус экспортыг дэмжих хөрөнгө оруулалт 500 гаруй сая доллар байдаг нь өнөөдрийн нөхцөлд хангалтгүй. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхийн тулд салбарын нэгдсэн  бодлого шаардлагатайг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлээд Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд богино хугацаанд үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхийн тулд дараах асуудлуудад анхаарч ажиллана гэлээ.

Энэхүү санамж бичигт уул, уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулахад хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын сацуу уул уурхай бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахаар тусгажээ.

Boss
the authorBoss