Цаг үе

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцаж байгаа. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат, нийслэлийн Засан даргын 1-дүгээр орлогч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Ихбаяр, Д.Энхтуяа, Ч.Мэндбаяр нар Баянгол дүүрэгт ажиллалаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар, Баянгол дүүргийн удирдлагууд оролцож, шаардлагатай мэдээллийг өгсөн юм. 

Баянгол дүүрэгт энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5.8 тэрбум төгрөгийн 19 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсний дагуу худалдан авах ажиллагааны тендерийг 100 хувь зарлаад байгаа аж. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Мөн тус дүүрэгт нийт 48 орон сууцны барилгыг дахиан төлөвлөн барилгажуулах төслийг зарласан. Гэхдээ зарим байршилд төсөлд оролцох байгууллага орж ирээгүй байгаагаас 13 удаагийн тендер амжилтгүй болжээ. Тиймээс төсөлд оролцох байгууллагуудын сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгааг хэлж байв. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 93 га талбайд 1373 нэгж талбарт төсөл хэрэгжиж байна. Эдгээр нь дүүргийн 10, 11, 12 дугаар хороог хамарч буй юм. Харин түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 6 төсөл арга хэмжээгээр 5,06 км автозам барихаар төлөвлөсөн. Гэхдээ зарим ажил нь дэд бүтцийн магистраль шугамыг чөлөөлөхтэй холбоотойгоор хойшилсон байна. Мөн энэ хүрээнд Улаанбаатар хотод 6 нүхэн гарц хийх шаардлагатай байгаагийн 4 нь Баянгол дүүрэгт байгаа юм. Харин хичээлийн жилийн бэлтгэл байдлын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Цэцэрлэгийн насны хүүхдийг 100 хувь хамруулж, сургуулийг 3 ээлжээр хичээллэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ 2 сургуулийн буюу 28, 93 дугаар сургуулийн хичээлийн байрыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор түрээсийн байранд хичээллэх аж. 

М.Халиунбат: Дүүргүүд орлогоо зөв төлөвлөх хэрэгтэй

Ийнхүү дүүргийн удирдлагууд мэдээлэл өгсний дараа Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М. Халиунбат “…Газар чөлөөлөлтийн ажил орлого бүрдээгүйгээс бүрэн хэрэгжихгүй байна. Тиймээс төлөвлөлтөө зөв хийх ёстой. Дүүргүүд орлогоо худлаа төлөвлөж байгаагаас зардал нь бас буруу гарч байгаа. Ингэж он дамжин хэрэгжих ажлууд нийслэлийн төсөв дээр зөрүү ачаалал үүсгэж байна. Тиймээс дүүрэг төсөв зохиохдоо бодитоор хийх шаардлагатай байна…” гэлээ. Мөн дүүрэг, хороод иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой зөв төлөвлөж хүргэх нь түгжрэл буурах ажлын гол нь. Тэр тусмаа Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан нь боловсролын салбараас үүдэлтэй байгаа үед хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтад анхаарлаа тавьж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгын дэд бүтцийн

санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгана

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй Барилгын-7 буюу 7-1, 7-2, 7-3, 7-6, 7-7 дугаар байрны төсөл дээр төлөөлөгчид очиж, ажиллалаа. Хэд хэдэн багц тендер зарлаж,  аж ахуйн нэгжүүд шалгараад байгааг энэ үеэр тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

 Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгаан хангамж болон инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн өргөтгөл хийх ажил тулгамдаад буйг мөн тодотгосон юм. Түүнээс гадна байраа чөлөөлсөн айлуудын түрээсийн зардал зэрэг хугацаа хойшлох тусам бий болох санхүүжилтийн асуудлыг даамжруулахгүйн тулд дэд бүтцийн хөрөнгийг 2023 оны төсөвт батлуулна гэдгийг төлөөлөгчид онцоллоо. 

Ж.Сандагсүрэн: Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх автозамын трасст орсон талбаруудын нөхөн төлбөрийн санхүүжилтийг шийднэ

Мөн Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил хийгдэж байгаа юм. Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталсан. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. 13 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд үлдсэн хэсэгт нь нөхөн төлбөрийн асуудал үүссэн гэдгийг Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга хэлэв.

Нийслэийн Засаг даргын 1-дүгээр орлогч энэ үер уг хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

61 дүгээр байрны урд талын түшиц хананы засварыг хийж байна

 БГД-ийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны урд талын түшиц хананы засвар, явган замын тохижилтын ажил энэ сарын 06-ны өдөр эхэлжээ. Энэхүү хана нь 1971 онд ашиглалтад орсон ч хуучирч муудсан байна. Тодруулбал СП4 суурийн блокоор газраас дээш 5 үе өрсөн, хоёр талдаа угсармал бетонон шаттай, хоёр шатыг холбосон явган хүний зам нь хуучирч муудсанаас болж зам нь хагарч, цөмрөн явган хүн явахад аюултай нөхцөл байдал үүсгэжээ.

Мөн энд 14 автомашины гарааштай боловч эвдрэлээс үүдэн автомашин орж гарах боломжгүй болсон аж. Иймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар завсарлаж байгаа бөгөөд засварын ажлыг 08 дугаар сарын 25 -ны өдөр дуусгахаар төлөвлөсөн байна.

 “Бичил ой-Соёл амралтын бүс” бий болгоно

 Баянгол дүүргийн 22-дугаар хороонд нийслэлийг бүхэлд нь харж болохуйц өндөрлөг хэсэг бий. Дээрх өндөрлөгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж, тохижилт бүхий “Бичил ой-Соёл амралтын бүс”-ийг бий болгохоор шийдвэрлэсэн. Тус өндөрлөг нь нийт 9 га газрыг хамрах бөгөөд талбайн 50 хувьд нь 10 төрлийн 5000 орчим мод тарьж ургуулах бол 30 хувьд нь тоглоомын талбай, орчны тохижилтын ажлыг хийнэ. Мөн 5 км орчим явган зам, хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай байгуулахаас гадна хүүхдийн тоглоомын талбай, соёл үйлчилгээний барилга, авто машины зогсоол бүхий цогц бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Boss
the authorBoss