Цаг үе

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм.  Тодруулбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын I ээлжийн төсөл арга хэмжээг 639,8 сая төгрөгөөр нэмж санхүүжүүлэх, Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд газар чөлөөлөх, нөхөн олговорыг 9 тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг намын бүлгүүдээс гарсан саналыг дэмжлээ. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын II ээлжийн ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 639,8 сая төгрөгөөр бууруулах, “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам гүүрэн байгууламж, олон түвшний огтолцлолын ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 9 тэрбумаар бууруулахаар болов. Нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 429,066,130.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр баталлаа.

Boss
the authorBoss