Баримт 4: ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү 184.4 сая төгрөгөөр автомашин худалдан авчээ
Улстөрчдийн шунахаас аргагүй бүлэг нь уяачид л даа. Учир нь, улс төрд амбийц хөөж, дарга болохын тулд уяач байх “шаардлага”-ыг манай төр тавьдаг. Энэ “шаардлага”-ыг хангаж, дарга болсон хүн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсон Ц.Ганхүү төрийн байгууллагыг хувийн компани мэт бодож, төрийн тусгай хамгаалалттай Засгийн газрын 12 дугаар байр буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын байранд Дундговь аймгийн уяачдын холбооны шагналыг гардуулжээ.
Мөн тус газрын Хот байгуулалтын кадастрын хэлтсийн дарга Г.Цогтсайхан өөрийнхөө хувийн facebook хуудаснаа архитектор, эдийн засагч мэргэжилтэй төрийн албаны шалгалт өгсөн хүнийг ажилд авна хэмээн зар оруулжээ. Монгол төрийн босгыг ийнхүү дорд үзэж, төрийн ажлыг сошиалаар хийдэг болсон дарга нарын залгамж халаа болсон Г.Цогтсайханд төрийн албанд ажилд томилох, чөлөөлөх нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Үүнээс гадна Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нөгөө л дарга нарын жишгээр автомашинаа шинэчилж, 2020 оны тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу “Мөнххада” ХХК-иас 184.400.000 сая төгрөгөөр автомашин худалдан авчээ. Цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн атал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү 184.4 сая төгрөгөөр автомашин худалдаж авч унах шаардлага байсан уу.
Улс даяараа жирийн ард иргэд, ажил олгогчид, бизнес эрхлэгчид мөнгөний хомсдолд орж, цар тахлын нөлөөгөөр бизнесээ алдаж, ажилчдаа халан, ажлын байраа цөөлж байхад төрийн өмчит компанийн дарга нар ийм ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр тансагласаар байгаад хэн хариуцлага тооцох вэ?
“Улс орны эдийн засаг хүнд байхад сайд нар тансаг хэрэглээнээс татгалзаж, аль болох төсөв мөнгөний бололцоог бүрдүүлж ажиллах ёстой. Цаашдаа сайд нарын унаа машины асуудлыг эргэж харна. Улаанбаатар хотод шатахуун бага иддэг машин унах бололцоо байгаа. Сайд энэ асуудлыг шийдчих байх, санаа битгий зов” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг биш удаа хэлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн унаж байсан 300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх Ланд-570 автомашиныг “хураасан” юм.
Г.Баяр /bossnews/