Монгол Улсын Соёлын яамны үүх түүх тун ээдрээтэй. Учир нь, манай улсад анх 1956 онд Соёлын яам байгуулагдаж, улмаар 1959 онд татан буугдсан бөгөөд 1961 онд дахин байгуулагдаж, хожим буюу ардчилсан тогтолцоог сонгож, зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд Соёлын яам дахин татан буугдаж, тус яамны байранд Ардчилсан холбоо байрлаж байсан түүхтэй.
Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлж байсан шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг бий болгосон ч мөн л хоёрхон жилийн настай байв. Тэгвэл МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулахаар дэвшүүлж, сонгуулийн ялалтын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын яамаа байгуулж, сайдаар нь ШУА-ийн харьяа Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг томилсон. Энэ бол сүүлийн 65 жилийн хугацаанд Монгол Улс Соёлын яамыг байгуулж, татан буулгасан түүх.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн яригдах бүрд тооцоо судалгаанд бус хэн нэгэнд зориулж яам байгуулдаг бичигдээгүй тогтолцоо бий. Нам дагаж, даргын цүнх барьж, аль эсвэл “дэнчин”-гээ төлсөн хүмүүст яам байгуулж өгдөг нь нууц биш юм.
Тэгвэл 1 яам байгуулах зардал ойролцоогоор хэд байдаг вэ. Орон байр, ажилчдын цалин хөлс, хангамж, бичиг хэргийн зардал, дулаан, цахилгааны төлбөр, тохижилт, завсар үйлчилгээ, тавилга зэрэг олон тооны зардал гарна.
У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газарт цоо шинээр байгуулагдсан Соёлын яам 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хэчнээн төгрөг зарцуулав. Тус яамны шилэн дансанд байршуулсан мэдээллээс харвал 9, 10, 11, 12 сард хийсэн худалдан авалтын дүнг багцалбал зөвхөн яамны барилгын завсарт 206.3 сая төгрөг зарцуулсан бол тавилга эд хогшилд 191.4 сая төгрөг зарцуулж, тохижуулсан байна. Харин хивс, хивсэнцэрийн үнэд 34.9 сая төгрөг үрсэн бол 211.3 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж худалдан авчээ. Энэ бол зөвхөн шилэн дансанд байршуулсан 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний мэдээлэл. Өөрөөр хэлбэл, яам шинээр байгуулах, нэрийг солих, татан буулгах үйл явц бүрд татвар төлөгчдийн улсад төлсөн татварыг зарцуулж, богино настай үргүй зардал бий болгодог байна.
Гэтэл Соёлын яам байгуулагдсан даруйдаа “Соёлын цаг” нэртэй анхны акцаа хийж, үр дүнд нь Монголын нүүрийг тахалдаг мэргэжлийн урлагийн байгууллагын хэдэн дуучин, бүжигчин, хөгжимчин нарыг гудамжинд “гаргасан” гэдгийг уншигч та санаж байгаа байх. Угтаа бол мэргэжлийн урлаг гудамжинд бус тайзан дээр үнэ цэнтэй тоглох ёстой гэж урлагийн өөрсдөө төдийгүй үэгчид үзэж байсан юм.
Тус яамны удаах нь нэг акц нь мөн л олон нийтийн шүүмжлэл дагуулав. Учир нь, төрийн нэрийн өмнөөс соёлын салбарын бодлого тодорхойлох Соёлын яам Төрийн бус байгууллага байгуулж, Хүүхдийн төлөө фонд нэртэй халамжийн байгууллагын ажил зохион байгуулж монголчуудыг хоёр талцуулснаас өөр ажил хийсэнгүй. Хамгийн ойрын жишээ гэвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Ид шидийн орон” төслийн багтай хамтарч төрийн зарим чиг үүргийг тус төрийн бус байгууллагад шилжүүлээд ажиллаад болж байна. Дэргэд нь байгаа хамгийн ойрын жишээнээс суралцаж чадахгүй, түмэн олныг хоёр талцуулсан ажил хийхээс өөр ажил хийхгүй байгаа салбарын бодлого тодорхойлох чиг үүрэгтэй яам энэ мэт төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хутгалдах нь зохисгүй. Энэ мэт дуулиан шуугиантай байгуулагдсан Соёлын яам тойрсон ээдрээтэй олон асуудал бий.
Г.Баяр /bossnews/