Ням гарагт Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотод орж иржээ. Кабулын засгийн газрын цэргүүд тэдэнд бараг эсэргүүцэл үзүүлээгүй байна.Ням гарагийн өглөө эх орноосоо дүрвэсэн Афганий ерөнхийлөгч Ашраф Гани энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд ордноо орхин явах шийдвэр гаргаснаа тайлбарлажээ.
Ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн Талибанчууд АНУ болон түүний дэмжлэгтэй засгийн газрын эсрэг хийсэн 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан байна.
Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Наем улс орноо харийн эзлэн түрэмгийллээс чөлөөлснийг зарлаад Афганистаныг дахин гадаадын улс орнуудад эзлүүлэхгүй гэж амлажээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээр хийж, Кабулын засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг өршөөх, Афганистан дахь гадаадын элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаа амласан байна.
Талибанчууд шинэ “Исламын Эмирт Афганистан Улс”-ыг зарлах төлөвтэй байгаа юм. Тус улсын одоогийн албан ёсны нэр нь “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс”.
Ням гарагийн үүрээр АНУ-ын элчин сайдын яамны ажилтнууд, иргэдийг Кабулаас нүүлгэх ажил дууссан байна. Энэ үеэр АНУ-ын цэргүүд онгоц, нисдэг тэргэн суух гэсэн афганчуудын түрэлтийг зогсоожээ. Уг үзэгдлийг хэвлэлүүд Вьетнамын дайны төгсгөлд Сайгоноос АНУ-ын иргэдийг нүүлгэсэн үйл явдалтай адилтгаж байна.
Кабулын олон улсын нисэх онгоцны буудал эх орноосоо дүрвэх гэсэн афганчуудаар дүүрчээ. Гэвч Ням гарагийн өглөө Кабулаас гадаад орнууд руу нисэх бүх нислэг цуцлагдсан байна. Орон гэрээ орхин дүрвэж буй иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас Кабулын гудамжууд автомашинаар дүүрч, түгжрэл үүсээд байгааг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүд харуулж байна.
Эх сурвалж: Russia today