Цаг үе

“БЗД-т гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон”

Хоёр хүн амиа хорлосон харамсалтай хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр 17:30 цагийн үед БЗД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу дүүрэг дэх цагдаагийн газраас хэргийн газарт ажилласан. Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Тухайн хоёр амь хохирогчийн хувьд гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. Тус буудалд хэд хоносон хүмүүс байгаа. Ямар нэгэн байдлаар архидан согтуурдаггүй. Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллагаас камерын бичлэгийг шалгасан. Гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Өмнө нь хонож байхдаа өдөр гараад орой ирдэг байсан байна. 

Амь хохирогчдын үхлийн шалтгаан задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс урьдчилсан байдлаар дүгнэлт хийж, буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна.

Амиа хорлосон иргэдийн хувьд гэрээслэл гэдэг зүйл яригдаж байгаа. Өр зээлийн тухайд урьдчилсан байдлаар ийм зүйл яригдаж байгаа болохоос биш мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Амиа хорлохтой холбоотой мэдээллийг хэтэрхий дэвэргэх нь сөрөг үр дагавартай гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Тухайн иргэнийг амиа хорлоход нь хүргэсэн гарцаагүй нөхцөл шалтгаан байна уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгана. Гурван хүүхдийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. 

Нарны хороололд өндрөөс унаж нэг иргэн нас барсан хэргийн эхний дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар сэтгэл гутралтай байсан гэсэн зүйлүүд яригдаж байгаа. Гэхдээ энэ нь амиа хорлох шалтгаан нөхцөл гэж үзэж болохгүй. 

Ямар шалтгааны улмаас нас барсан болох нь задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. 

Мөн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт нэгэн иргэнээс манай хүү нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. 30 настай эрэгтэйг 26 настай хүн архидан согтуурсан үедээ биед нь халдаж, тухайн иргэн газар дээрээ амь насаа алдсан хэрэг гарсан.

Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй 26 настай Г гэгч болон хамт байсан гэрчүүдийг олж тогтоон мөрдөн шалгаж байна” гэлээ. 

Boss
the authorBoss