Цаг үе

X САР ГАРСААР НИЙСЛЭЛД COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН 20 МЯНГА ГАРУЙ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭВ

Сүүлийн нэг хоногт 10 мянга 85 хүн шинжилгээ хийлгэснээс COVID-19-ийн халдварын 1303 тохиолдол нэмж батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 340 мянга 839 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 720 нь нийслэлд, 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Аравдугаар сар гарсаар нийслэлд халдварын 20 мянга гаруй тохиолдол нэмэгджээ. Дорноговь аймагт хамгин олон буюу хоногт 119 тохиолдол батлагдсан байна. Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 505 мянга 537, үүнээс нийслэлд батлагдсан тохиолдол 265 мянга 423 болоод байна. Өнгөрсөн 24 цагт “коронавирус”-ийн халдварын улмаас 0-80 гаруй насны 18 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1574 хүн эндээд байна. Үүнээс гадна 18 мянга 464 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 51 мянга 302 хүн гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж.Түүнчлэн COVID-19-өөр өвчилсөн 3436 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 0-17 насны 90 гаруй мянган хүүхэд “коронавирус”-ийн халдвар аваад байгаа аж. Сүүлийн долоо хоногт 7400 орчим хүүхэд халдвар авсан бол есдүгээр сарын нэгнээс хойш тооцвол 50 мянга гаруй хүүхэд халдвар авсан гэж бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Харин 6710 хүн эдгэрчээ.

Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд 2,253,925 хүн “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 2,136,376 хүн бүрэн тунд хамрагдаад байна.Сүүлийн 24 цагт дархлаа сэргээх нэмэлт тунд 3406 хүн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 370 мянга 589 хүн гурав дахь тунд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувь нь хамрагдаад байгаа аж. Дархлаа сэргээх нэмэлт тун хийлгээд 14 хоносноос хойш COVID-19-өөр өвчилсөн тохиолдол Монгол Улсад 0.15 хувь байгааг Улсын онцгой комисс мэдээлсэн юм.

Boss
the authorBoss