нийгэмОнцлох

Л.ЭНХ-АМГАЛАН: Сургуульдаа очиж ангидаа сууж байгаагүй бүтэн үе бий болсон байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийсэн сурагчдын хичээл хоцрогдлын үнэлгээний дүнг өнөөдөр танилцуулж байна.  Хүүхдүүд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар авдаг боловч цар тахлын улмаас  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байдал эсрэгээрээ байж, олгох ёстой агуулгын 60-70 хувийг зайнаас олгосон билээ. Ингэснээр агуулгын хоцрогдол үүсээд буй тул үүнийг нөхөхийн тулд 100 хувь танхимаар хичээллэх шаардлагатай хэмээн судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзжээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийн хоцрогдол бол цар тахлаас өмнө байсан болон дараа нь үүссэн хоцрогдол гэж хоёр хувааж болохоор байгаа. Танхимын бус сургалтад хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь дэд бүтэцтэй холбоотой асуудлууд тулгарсан.

Хоцрогдлыг нөхөхийн тулд цаашид 100 хувь танхимаар хичээллэхээс гадна гурван талт хамтын ажиллагаа маш чухал. Ялангуяа эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа. Цар тахлын үед эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажилласныг судалж үзэхэд, 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан байгаа нь судалгаанаас харагдсан. Харин 40-өөс дээш насныхан хүүхэдтэй хангалтгүй ажилласан байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр хоёрдугаар анги болон гуравдугаар ангийн хүүхдүүд эзэмшсэн байвал зохих агуулгаас нэлээд хоцорсныг дурдав. Сайд Л.Энх-Амгалан “Сургуульдаа очиж ангидаа сууж үзээгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзаж үзээгүй бүхэл бүтэн үе бий болсон байна. Хоёрдугаар ангийн сурагчид уншиж чадаж байгаа ч юу уншиж байгаагаа ойлгодоггүй, тоо нэмж чадаж байгаа ч утга нь юу илэрхийлж байгааг мэдэхгүй байна. Мэдлэг чадвар нь маш их хоцорсон байна. Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн” гэлээ.

Boss
the authorBoss