ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧДИЙН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо.
Тус хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа:
Банкны удирдлагын зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.
Хөгжлийн банкны тухай анхны хуулиар УИХ, Засгийн газраас баталсан төслүүд дээр үр ашгийн судалгаа хангалттай хийдэггүй байсан. 2017 оны шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийдэг болсон ч хөгжлийн төслийг өөрөө тодорхойлж ирсэн. Мөн зөвхөн тухайн төсөл дээр үр ашгийн судалгаа хийдэг байсан нь олон сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд цаашид Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталдаг болох шаардлагатай. Баталсан хөгжлийн төслийг Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийж шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгох нь зүйтэй. Үүнээс гадна зөвхөн төслийн үр ашгийн судалгаагаар хязгаарлагдахгүйгээр төсөл хэрэгжүүлэгчид өөр дээр нь засаглал, туршлага, мэргэжлийн байдлын судалгааг хийж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг болохыг зорин ажиллаж байна.
Харин санхүүжилтийн процесст гарсан асуудлын нэг нь зарим зээлийн шийдвэр гарсны дараа зээлийг төслийн явц, үе шаттай уялдуулах процесс тодорхойгүй байгаа явдал юм. Дахин санхүүжилт олгох тохиолдолд өмнө гарсан зардал тухайн төсөлдөө зарцуулагдсан эсэхийг шалгахгүйгээр санхүүжилт олгодог байсан. Үүнээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч тухайн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулдаг.
Түүнчлэн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Мөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн байгаа.
Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй.
Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Сангийн яаманд тогтмол мэдээллэж байна. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байна. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой.
Мөн тус хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Д.Ганбат, Э.Батшугар, Л.Мөнхбаатар, Н.Ганибал, Д.Батлут, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.