Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Онцгой байдлын газарт боллоо. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга А.Гантулга болон бусад салбарын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Хуралдааны эхэнд салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, олон нийтийн цагдаа, гэрээт албан хаагчдын санхүүжилтийн талаар танилцууллаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд 2022 онд 214 олон нийтийн цагдаа ажиллаж, гэмт хэрэг зөрчлийн 31,570 мэдээллийг цагдаагийн алба хаагчид мэдээлж, Зөрчил гаргасан 9587 этгээдийг хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нарт хүлээлгэн өгч, 68 хэргийг илрүүлж таслан зогсоосон байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба тус тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Тодруулбал,
- Нийслэлийн Онцгой байдлын газар дунджаар 2500 орчим гамшиг осол, гал түймрийн дуудлагын дагуу ажиллаж 2000 гаруй хүний амь нас, иргэн ААН-ийн 150 гаруй мянган тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
- Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба нь өнгөрсөн онд зам тээврийн осолтой холбоотой 101,233 дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэж ажилласан байна. Цаашид замын хөдөлгөөнийг хянах камержуулалтыг сайжруулж, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлээр нийт 13 төрлийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Нийслэлийн Цагдаагийн удирдах газар 2022 онд 300 гаруй мянган гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс нийслэлд бүртгэгдсэн гомдол мэдээллийн 81,2 хувийг хүний аюулгүй байдлын халдашгүй эрхийн эсрэг болон залилах, хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Цаашид халаасны хулгайн гэмт, хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 103 автобусны буудлыг камержуулах, ухаалаг гар утасны бүртгэлийн систем www.smartdevice.mn-ийг ашиглалтад оруулах, нөлөөллийн аян хэрэгжүүлэх зэргээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.