Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийг өөрчлөлтийн талаар хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн хийсэн юм. Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар 400 гаруй өрхийн 1700 орчим иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байна. Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Энэхүү саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа дээрх өрх айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсээд байгааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тайлбарлалаа. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.
Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркийг компани хэлбэрээр өөрчлөн байгуулна
Хуралдаанаар мөн Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төсөл болон холбогдох компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчлагдсан. Нийслэлд Багахангай, Багануур, Налайх дүүрэгт үйлдвэрлэл технологийн паркууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин шинээр авахад Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдах шаардлага үүссэн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболд танилцууллаа.