Эдийн засаг

“Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн хувилбаруудыг гаргалаа

“Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” төслийн санхүүжилтийг бүрдүүлэх хувилбаруудыг судалж зах зээлийн судалгаа хийсэн байна. Улмаар алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх болон дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ.

Ингэснээр “Turquoise Hill Resources”-ийн бүрдүүлэх шаардлагатай болоод байгаа гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурах боломжтой гэж үзжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай болбол “Оюу Толгой” ХХК-ийн хувь эзэмшигчдийн өөрийн хөрөнгийн өгөөж дэх өнөөгийн цэвэр үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой гэж “Turquoise Hill Resources” мэдэгдэлдээ дурджээ.

Алт худалдах гэрээг “Оюу Толгой”-ийн ил уурхай болох “Оюут” талбайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах боломжтой гэж үзэж байна. Харин үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолжээ.

“Turquoise Hill Resources” компани нарийвчилсан төлөвлөгөөгөө “Оюу Толгой”-ийн хувь эзэмшигч нар болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Rio Tinto” компаниудад хүргүүлэх юм байна.

Өнгөрсөн есдүгээр сард “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани гүний уурхайн санхүүжилтийг бүрдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Үүний дараа “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигч нарын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар “Turquoise Hill Resources” компани “Rio Tinto”-ийг арбитрт өгсөн бөгөөд арбитрын ажиллагаа дуусаж, эцсийн шийдвэр гарах хүртэл хэдэн сарын хугацаа шаардагдахаар байна.

Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-ийн шинэ Гүйцэтгэх захиралтай цахим уулзалт хийж, гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг хөндөж, хоёр тал яриа хэлэлцээгээ ойрын хугацаанд эрчимжүүлэхээр болоод байгаа юм.

Boss
the authorBoss