улс төр

Ардчилсан намын “хууч өвчин” сэдэрч, С.Эрдэнэ, Ц.Туваан нар ирүүлд гарлаа

Сонгууль дөхөхөөр л хоорондоо нударга зөрүүлээд эхэлдэг нь Ардчилсан намын хууч өвчин. Тус намынхан сонгуулийн өмнө фракц болоод шаваад эхлэнгүүт хаа нэгтэйгээс ниссэн чулуу дунд нь унана. Ингээд л тус намынхан дотроо нэгийгээ үзэж, нэхийгээ тайлтал үзэлцээд, тамир тэнхээгээ барсны дараа жинхэнэ сонгуульд амьтай голтой төдий л ордог зуршилтай болжээ. Тогтсон уламжлалын дагуу Ардчилсан намынхан хойтон зун болох Ерөнхийлөгчийн сонгууль угтсан дотоод тулаандаа гарлаа. 

Хоёр ч удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ялагдал нь тус намыг нэгтгэсэнгүй, харин ч бүр задалж байна. Яг өнөөдрийн нөхцөлд Ардчилсан намын дарга хэн бэ гэдэг нь ч тодорхойгүй, харин С.Эрдэнэ, Ц.Туваан нар тамгаа булаацалдаж эхэллээ. 

Уг нь 2020 оны сонгуульд намаа ялуулж чадаагүй С.Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээн дараагийн хууль ёсны дарга тодортол намын даргын үүргийг Ц.Туваанд хариуцуулан, тамгаа шилжүүлж өгсөн. Цагтаа “Ч.Сайханбилэг бол том биетэй Н.Алтанхуяг юм” гэдэг хэлц гарч байсан шиг С.Эрдэнэ ч мөн Ц.Туваанаар төлөөлүүлж Ардчилсан намыг далдаас удирдана гэж тооцоолсон байж болох юм. Гэвч санаснаар болсонгүй. Өнгөрсөнд хугацаанд Ц.Тувааны улс төрийн карьер С.Эрдэнийн унаж босохоос шалтгаалж байсан нь үнэн ч өнөөдөртөө тэр хоёрын эрэмбэ дараалал солигдсон байна. Тодруулбал, Ц.Туваан бол УИХ-ын гишүүн, харин С.Эрдэнэ жирийн иргэн. Аль аль нь Ардчилсан намын гишүүн ч тамга Ц.Туваанд, дарга нь харин С.Эрдэнэ хэвээрээ. 

Тиймээс С.Эрдэнэ УБЕГ-т хандан “Миний бие 2017.03.15-нд УДШ-ийн 01 тогтоолоор Ардчилсан намын хууль ёсны даргаар томилогдсон. Улсын дээд шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар томилсныг 8488916 тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлд хуульд нийцүүлэн бүртгэж тэмдэглэсэн. “Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй…байгаа тул өргөдөл гаргаж байна” гэжээ. Улмаар Ц.Тувааны хэрэглэж байгаа тамгыг хүчингүй болгож, шинэ тамга хийлгэх зөвшөөрөл гаргаж өгнө үү гэж хүссэн байна. УБЕГ энэ талаар Ц.Туваанаас тайлбар мэдээллийг албан бичгээр авсан ч С.Эрдэнийн хүсэлтийг хангаж өгчээ. Өөрөөр хэлбэл Ц.Туваанд буй тамгыг хүчингүй болгон, 9020120477 дугаараар шинэчлэн бүртгэжээ, Харин шинэчилсэн тамга С.Эрдэнэд буй юм.   

Улмаар С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт болсон Ардчилсан намын 10 дугаар их хурлын тэмдэглэл, шийдвэрийг буцаан татах хүсэлтийг УДШ-д гаргасан байна. Мөн тэрбээр тамга Ц.Туваанд шилжсэн долдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэлх бүх шийдвэр, гэрээг хүчингүй болгох тушаал гаргасан байна. 

Ер нь тамга тойрсон тэмцэл Ардчилсан намд шинэ зүйл биш. Хаалга хөшиж онгойлгосон, сейф эвдэж нээгээд намын даргын тамгыг булааж авлаа гэх мэдээлэл АН-ын шат шатны намын байгууллагад тохиолдож ирсэн үзэгдэл. Тэр тусмаа С.Эрдэнэ 2010 онд нийслэлийн Ардчилсан намын даргын тамгаа Ш.Түвдэндоржид  өгөхгүйн тулд мөн ч их юм болж, нударгаар шийдэхийн наагуур зөвшилцөлд хүрч байсан түүхтэй билээ.  

О. Баярцэнгэл /bossnews/

Boss
the authorBoss