Цаг үе

24 цагийн хугацаанд коронавирусийн 39 тохиолдол батлагдлаа

ЭМЯ-наас өнөөдрийн 11:00 цаг хүртэлх  24 цагийн хугацаанд коронавирусийн халдварыг илрүүлэх 14646 сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 38 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол үлдсэн нэг нь Франкфуртын нислэгээр ирсэн хүн аж. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдвартай холбоотойгоор тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээгээр 38 хүнээс Сovid-19 илэрлээ. Ингэснээр  нийт Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 184 халдварын тохиолдол баталгаажаад байна.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1121 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 394 тохиолдол байна. Эдгэрсэн 711, эмчлэгдэж байгаа 400 тохиолдлын дотор хөнгөн 336, хүндэвтэр 54, хүнд 7, маш хүнд 3 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.Өнөөдрийн 38 тохиолдлын гурав нь эмч, 30 нь гэр бүлийн хавьтал, 5 нь өвчтөнүүд байна. Харин Баянзүрхийн нийт тохиолдлын 82 нь өвчтөн, 24 нь сахиур, 19 нь эмч, эмнэлгийн ажилтан, 28 нь гэр бүлийн хавьтлууд байна.

Хавдар судлалын үндэсний төвийн хавьтлуудын шинжилгээ 80, 90 хувьтай хийгдээд байна. Одоогоор халдвар илрээгүй аж.  Баянзүрхийн голомтын ойрын болон хоёрдахь хавьтлуудын гуравдахь ээлжийн шинжилгээг эхлүүлнэ гэж ЭМЯ-наас мэдэгдлээ. Том голомтуудын дараагаар иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр халдвар тархах эрсдэл өндөр байгаа аж. “Хавдар судлалын эмч нар маск сайн зүүж байсан учир өвчтөнүүддээ халдвар тараагаагүй байна. Тиймээс маскаа сайн зүүгээрэй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА хэлэв.  

Boss
the authorBoss