Эдийн засаг

“Rio Tinto”-гийн зэсийн группийн захирал Б.Болд Монголд ирж хэлэлцээ хийнэ

“Turquoise Hill Resources” компанийн орлого 2020 онд өмнөх оны дүнгээс 7.5 хувиар буурч, 1.07 тэрбум ам.доллар болсон байна. Алтны үйлдвэрлэл жилийн дүнгээр буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.

Улирлын үзүүлэлтийг авч үзвэл IV улиралд тус компанийн орлого 405.1 сая ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 83 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнд зэс, алтны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн зэсийн гарц 26.4 хувиар, алтны үйлдвэрлэл 266.7 хувиар өссөн нь дэмжлэг болжээ.

IV улиралд “Оюу Толгой” компани 41.6 мянган тонн зэс, 87.8 мянган унц алт олборлосон байна. Энэ нь олборлолт агуулга ихтэй үе рүү шилжсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Түүнчлэн агуулга өндөртэй олборлолтын үе 2021 онд ч үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 онд нийт 1.02 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2016 оноос хойш нийт 4.5 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж. Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж хөрөнгө оруулагч тал тооцоолжээ. Энэхүү тооцооллоор Монгол Улсын тал 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцооллыг ЗГХЭГ гаргасан юм. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын яриа хэлэлцээ цахимаар үргэлжилж байна.

Хөрөнгө оруулагч тал “Rio Tinto” яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тус компанийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болдоор ахлуулсан багаа Монгол руу илгээж байгаа гэж эх сурвалж мэдээлээд байна. Яриа хэлэлцээний үеэр татвар, цахилгаан станцын төсөл, төслийн үр өгөөжийг хуваарилах асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна.

2021 онд “Оюу Толгой” төслийн далд уурхайд 1.1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулагч тал тооцоолж байгаа аж. Үүнд эрчим хүчтэй холбоотой зардал ороогүй юм байна.

Boss
the authorBoss