Цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжид зарцуулах 73 сая ам.долларын зээлийг баталлаа.
Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зургаадугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэлтээр олгож байна. Үүний тодорхой хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ.
“Монгол Улс КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн. Иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэндээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Дотоодод анхны халдварыг бүртгэн, хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон” гэж АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельциг онцолжээ. Судалгааны дүнгээс харахад 2020 оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар нийт өрхийн дөрөвний гурав орчим, ядуу өрхийн 85 хувь ямар нэг байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64 хувь) нь хүнсний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73 хувь) орчим нь орлого тасалдсан гэжээ. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.
Г.Баяр \Bossnews\