“Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилж, гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн хоёр талын тохиролцоогоор арбитрын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилт болох 2.3 тэрбум ам.долларыг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөө бөгөөд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 2020 оны есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг орлох юм.
“Оюу Толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр баталгаажих энэхүү гэрээний дагуу талууд:
– “Оюу Толгой”-д шаардлагатай гэж тооцоолсон санхүүжилтийн хэмжээг дээд тал нь 1.4 тэрбум ам.доллароор бууруулах, шинэчилсэн төлөвлөгөө, төслийн хугацаа, мөнгөн урсгал зэрэг дээр уялдааг илүү сайн хангахын тулд төслийн одоогийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахыг эрмэлзэнэ.
– Сонгогдсон олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоо байгаа нөхцөлөөр дээд тал нь 500 сая ам.долларыг үнэт цаасны санхүүжилтээр босгохыг эрмэлзэх
– “Rio Tinto” шаардлагатай тохиолдолд 750 сая ам.долларын хамтарсан зээл олгох
– Зээл олгосноос хойш зургаан сарын дотор санхүүжилт дутсан тохиолдолд “Turquoise Hill Resources” 500 сая ам.долларыг хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх
“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд “Turquoise Hill Resources-тэй хийсэн энэ гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болж, Монголын эдийн засагт урт хугацаанд хувь нэмэр оруулах “Оюутолгой” төслийг хамтран хөгжүүлэхэд түлхэц болж байна. Монгол Улсын Засгийн газрын тавьсан асуудлуудыг сонсож, шийдэж байгаа энэ үед гэрээг шинэчлэх нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийг хугацаанд нь эхлүүлэхэд чухал алхам болж байна” гэж мэдэгджээ.
“Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар “Rio Tinto” компанитай бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна” гээд “Тодорхой цаг хугацааны дагуу хийх зүйлсийг тусгасан гэрээ байгуулснаар “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай үргэлжлүүлэх боломжтой болно. Бүх оролцогч талуудад эн тэнцүү өгөөж хүртээхээр ажиллах болно. Тэр тусмаа Монгол Улс болон Монголын иргэд төсөл үргэлжлэхийн хэрээр урт хугацаандаа үнэ цэн, ашиг хүртэхэд анхаарна” хэмээжээ.
“Rio Tinto” одоогийн байдлаар “Turquoise Hill Resources”-ийн 50.8 орчим хувийг эзэмшиж байна. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч нар гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийг яаж бүрдүүлэх тал дээр санал зөрөлдөж, “Turquoise Hill Resources” компани “Rio Tinto”-ийн эсрэг арбитрт хандаж, маргаанаа шийдвэрлүүлэхээр болоод байсан юм.
“Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж тооцоолоод байсан юм.
О.Ууган-Эрдэнэ \Bossnews\