Цаг үеЭдийн засаг

УДШ: С.Баярцогтоос 1.3 сая ам.доллар гаргуулж, улсын орлогод оруулна

Улсын Дээд шүүхээс С.Баярцогтыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар шийтгэлээ. Мөн С.Баярцогтоос нэг сая 345 мянга 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар болсон байна.

Харин прокуророос Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

Харин Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг хамжигчаар хамтран оролцсон гэж үзэн, Б.Бямбасайхан, Д.Ганболд албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сар хорих ял оногдуулаад байв.

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss