Цаг үе

Кабулын нисэх буудалд халдлага үйлдсэн этгээдүүдийг АНУ дроноор устгаснаа зарлав

Пүрэв гарагт Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудалд террорист халдлага гарч, 170 гаруй хүн амиа алдсаны 13 нь АНУ-ын тэнгисийн хүчний алба хаагчид байсан юм. Амиа золиослогчдын үйлдсэн уг халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар ISIS-K зохион байгуулснаа зарлаж байв.

Тэгвэл Баасан гарагийн орой АНУ-ын зэвсэгт хүчин дээрх халдлагыг төлөвлөсөн, зохион байгуулсан хоёр этгээдийн амийг дрон ашиглан хөнөөснөө өчигдөр зарлажээ. Афганистаны зүүн хязгаарын Жалалабад хотод автомашинд зорчиж явсан тэднийг агаараас довтолж устгасан байна. Тэдэнтэй хамт машинд явсан гурав дахь этгээд шархдсан тухай Пентагон мэдээлжээ. ISIS-K нь Хорасан дахь Исламын Улс бүлэглэл гэсэн утгатай нэр юм. Хорасан нь дундад зууны Персийн эзэнт гүрний зүүн хязгаарыг нэрлэдэг нэр ажээ. Үүнд Афганистаны зарим нутаг, Төв Азийн орнуудын өмнөд хэсэг, Ираны зүүн хойд хэсэг багтдаг. Исламын Улс бүлэглэлийн олон салбар дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулдгаас ISIS-K нь хамгийн хүч багатайд тооцогддог. 2014 онд Ирак дахь Исламын Улс бүлэглэлийн төв командлалаас Афганистанд ирсэн төлөөлөгч уг салбарыг байгуулж, дээд удирдлагадаа сэтгэл дундуур явдаг Талибаны цөөн хэдэн гишүүнийг элсүүлж байжээ. 2018 онд тэд Пакистантай хил залгаа Нангархар мужийн зарим хэсгийг хяналтдаа оруулж чадсан байна.

2019 онд Афганистаны засгийн газрын арми, АНУ-ын зэвсэгт хүчин ISIS-K бүлэглэлийн гол байрлалуудад олон удаа цохилт өгч байв. Талибан хөдөлгөөнийхөн ч тэдэнд цохилт өгч байжээ. Үүний үр дүнд тус бүлэглэлийн гишүүдийн тоо 1,500-2,200 орчим болж буурсан гэх мэдээлэл бий. Баасан гарагт Талибаны нэг командлагч Кабулын нисэх буудалд гарсан халдлагад холбоотой ISIS-K бүлэглэлийн гишүүдийг баривчлан шалгаж эхэлснээ мэдээлсэн байна. ISIS-K нь Талибанчуудыг шашнаасаа урваж, барууныхантай зөвшилцдөг үндсэрхэг үзэлтнүүд хэмээн буруутгадаг ажээ.

Хэдийгээр тус бүлэглэлийн гол гишүүдийг устгасан ч Кабулын нисэх буудалд дахин террорист халдлага гарах магадлал өндөр байгааг өчигдөр АНУ-ын тал анхааруулсан юм. Бямба гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден террористуудад үргэлжлүүлэн цохилт өгөхөө амлаад ойрын 24-36 цагийн дотор дараагийн халдлага гарах өндөр магадлалтай байгааг тагнуулын байгууллагууд нь мэдээлснийг анхааруулжээ.

Boss
the authorBoss