Цаг үе

ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна.  Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан  ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.

Boss
the authorBoss