Цаг үе

Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 14-р сургууль, 146-р цэцэрлэгт ажиллан, багш ажилчдын саналыг сонссон юм. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий.

Хотын түгжрэлийг бууруулахад боловсролын байгууллагаас шалтгаалсан ямар шийдэл байгаа талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа. Тухайлбал, хамран сургах тойрогт сургууль, цэцэрлэг хангалтгүйн улмаас хотын төвийн боловсролын байгууллага руу сурагчдыг зөөх нь түгжрэл үүсэх шалтгаануудыг нэмэгдүүлж байна гэсэн юм. Иймд хотын зах хэсгээр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, нэг газраа төвлөрүүлэхгүй байх, сайн системтэй, жишиг сургуулиудыг дүүрэг бүрд бий болгох шаардлагатайг онцоллоо.

Boss
the authorBoss