Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан майнинг корпорайшн буюу MМС группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Гүйцэтгэх бус захирал Д.Энхтүвшин албан тушаалаа өгөхөөр болсон. Тэрбээр группийн Байгаль орчин, нийгэм засаглалыг сайжруулах хорооны гишүүнээр ажиллаж байсан юм. Түүний оронд MCS инвестмент компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржавыг томилохоор болжээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд дээрх албыг хаших гэрээ байгуулсан бөгөөд жилийн 150 мянган хонконг долларын цалин, урамшуулалтай гэдгийг Монголын майнинг корпорайшн мэдэгдэлдээ дурджээ. Д.Энхтүвшин мөн MCS группийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөөр болсноо өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдээд байгаа билээ.
Г.Баяр /Bossnews/