Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.
Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ.
Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Бүтцийг шинэчлэн баталснаар:
-Ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ.
-Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгана.
-Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүтцээр нийт арван захиралтай байгаа юм, шинэ бүтцээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн орон тооны хязгаарыг бууруулж, цомхон чадварлаг бүтцээр холбогдох бусад зарлагын хэмнэлтийг гарган ажиллана.
Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож нийт гурван хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007-2020 оны хооронд улсын болон орон нутгийн өмчийн төсөвт нийт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайха Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.
Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Товч мэдээ
· “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.
· 2022 оны гуравдугаар сард цахим хэлбэрээр зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.
· Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.