Ээрмэлээс Туул голын гудамжтай холбох замын трасс дагуух газрыг албадан чөлөөлнө
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Төлөөлөгч Б.Мягмар, Л.Отгонбаатар, Б.Өнөбат, Б.Одсүрэн нар Хан-Уул дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн болон цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаарх мэдээллийг авч, санал солилцов. Мөн дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм.
Хан-Уул дүүрэг 225 мянган хүн ам, 37 мянган өрхтэй. Сүүлийн 3 жилийн хугацаанд хүн амын тоо огцом өссөн бөгөөд, Яармагийн бүс дэх байшин хороооллууд олноор бий болсонтой холбоотой. Тус дүүрэг нь 2022 онд нийслэлийн төсөвт 34 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд татварын бааз суурь нэмэгдсэн гэдгийн Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн хэлэв. Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 49 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 9 ажил бүрэн хэрэгжиж дууссан бол, 21 нь гэрээ байгуулаад байгаа аж. Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 156 тэрбум төгрөгийн 27 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Сургууль, цэцэрлэг, хорооны байр шинээр барих, цэцэрлэг, сургуулийн барилгын өргөтгөл, бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг барьж байгуулахад онцгой анхаарч, санхүүжилт тусгаж байгааг тэрбээр хэлж байв. Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын засвар, худаг ус засварлах, түлш, давс бодис нөөцлөх…зэрэг ажлыг хийгээд байгааг хэлсэн юм. Хан-Уул дүүрэгт 2-5 насны 23 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ёстой. Харин 1200 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Дүүргийн хэмжээнд нийт 29 байрыг түрээсэлж цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Мөн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандан “Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн зүүн талын барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүслээ. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжийн асуудал тулгамдаад байгаа тул, дээрх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм.
Төлөөлөгчид энэ үеэр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудын гүйцэтгэл, үр дүнгийн талаар тодрууллаа. Мөн зарим ажил гацаж, удааширч байгааг сануулаад, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа агентлаг, хэлтсийг ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөв.
Төлөөлөгчид мөн Хан-Уул дүүргийн 19-р хороо, Ээрмэл гудамжийг Туул голын гудамжтай шууд холбох туслах автозамын талбар дээр ажилласан юм. Замын трассын дагуу аж ахуйн нэгжид олгосон газрын асуудал энэ үеэр хөндөгдсөн юм. Хэрэв энэхүү шинэ автозамын сүлжээ холбоос бий болвол Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамжны автозамын ачаалал 30 гаруй хувиар буурна гэдгийг төлөөлөгч Б.Одсүрэн хэлсэн юм. Энэ үеэр Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга уг трассын дагуух газрыг албадан чөлөөлнө гэдгийг хэлсэн юм.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх” орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийг удаа дараа зарласан ч аж ахуйн нэгжүүд санал ирүүлдэггүй байна. Төлөөлөгчид тухайн нэгж талбар дээр ажиллах үеэр тус байранд оршин сууж байсан 90 гаруй айлын түрээсийн төлбөрийн асуудал сөхөгдлөө. Хот байгуулалт хөгжлийн газраас баталсан загвар зургаар Нийслэлийн орон сууцны корпораци уг төслийг хэрэгжүүлэх ёстой аж. Улмаар Засаг даргын захирамжаар энэхүү дахин төлөвлөлтийн хүрээнд талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллах аж.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ