Цаг үе

Монгол Улс “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баримтална

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдийн сургалт өнөөдөр боллоо. “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээж үг хэлсэн юм. Тэрбээр, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нарийвчилсан үнэлгээ хийж байгааг онцлов. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тусгасан бодлогын талаарх мэдээллийг өглөө. 

Харин ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн энэ чиглэлээр үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг буууруулах инноваци, олон улсын туршлагын талаарх мэдээллийг танилцууллаа. Гамшиг болсон үеийн хариу арга хэмжэнээс гадна эрсдэлийг бууруулахад хэрхэн бэлдэх, ямар стратеги баримтлах вэ гэдэг нь чухал. Монгол Улсын хувьд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг цаашид барьж ажиллана. “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг цаашид хэрэгжүүлж ажиллана гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, аливаа гамшиг тохиоход тухайн орон нутгийн иргэдийн 90 хувь нь өөрийгөө болон ойр байгаа бусад хүнийг эрсдэлээс хамгаалж чадах хэмжээний мэдлэгтэй болгох тухай ойлголт аж. 

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн олон улсын зөвлөх Жианг Пин Ян, Мигель Кульер нар гамшгийн эрсдэлийн үнэлгээ, олон улсын чиг хандлага, сайн туршлага, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах олон улсын туршлагын талаарх мэдээллийг өгөв. 

Сургалтаар мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажиллах журмыг боловсронгуй болгох, нийслэл дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нийслэлийн гамшгийн өнөөгийн нөхцөл байдал, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, оролцогчдын саналыг сонсов. 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Boss
the authorBoss