Цаг үе

Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон юм. Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар хүүхдийн паркийн эзэмшилд байгаа 31.4 га газартай холбоотой тогтоолын баталж гаргасан. Тэгэхдээ тус газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй байхаар баталсан. Тэгвэл өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн эзэмшлийн нийт газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг батална гэж мэдэгдлээ. Ингэснээр Нийслэлийн ИТХ-аас баталсан тогтоолыг хэрэгжилт бүрэн баталгаатай болж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвлөлгөөний өмнө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөн үндэсний хэмжээний арга хэмжээ болон хэрэгжиж байна. Улаанбаатар хот нийт 120 сая мод тарьж ургуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэрээг байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхэлсэн. Хотын удирдлагын баг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. Гэхдээ энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага үзүүлэлт. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг эн тэргүүнд бүрдүүлнэ гэж хотын Ерөнхий архитектор Б.Нацагдорж хэлэв. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх аж. Тэгэхдээ Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ. Энэ зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулах юм. Уулзалт, зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “… Бид хөгжлийг өндөр байшин, өргөн замаар дүгнэж байсан бол одоо дэлхий даяараа орон зай, амар тайван байдал, бүр цаашлаад суурьшмал соёлд дасан зохицож амьдрах хэв маягаа өөрчлөх нь хөгжил болон хувирч байна. Иргэд маань тайван алхах зам талбай, үр хүүхдээ тоглуулж, салхилуулах орон зайг хөгжлийн суурь гэж харж байна. Бидний зогсож, зөвлөлдөж байгаа энэ газар 60 жилийн түүхтэй. Энэ хүрээлэнгийн төв цэгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлтөөр санаа бодлоо уралдуулж байгаа УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон яг энэ асуудлаар зургадугаар сард тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг зөвхөн төрийн шийдвэр, төсвийн хөрөнгөөр босгоогүй. Энд үеийн үед ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн оролцоогоор бий болсон. Тиймээс энэ хүрээлэнгийн орон зайг хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүддээ мөн талархал илэрхийлье. Одоо бүгдээрээ эрүүл аюулгүй, ногоон хотыг бий болгохын төлөө иргэд болон төрийн хамтын дүрмээ тохирно” гэлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Boss
the authorBoss