чөлөөт

Чинээлэг хэрэглэгчдийн дийлэнх нь ирэх онд аялалд илүү их мөнгө зарцуулах сонирхолтой байна

Иргэд амралт сувиллын газрууд руу аялал хийх сонирхол нэмэгдэж, далайн эрэг болон хот доторх аяллын эрэлт буурчээ. Олон улсын тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын салбар ухамсартай аялал, “Wellness” болон хүн хоорондын харилцаанд ач холбогдол өгөх нь нэмэгдэж байгааг судалгаа харууллаа.  Франц улсын Канн хотноо болж байгаа олон улсын тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын салбарын экспогийн үеэр “American Express” болон зах зээлийн судалгааны “Altiant” компанийн хамтарсан судалгааг танилцуулжээ.  Тус судалгаанаас чинээлэг жуулчид ирээдүйд бараа үйлчилгээнээс илүүтэй аялалд мөнгөө зарцуулах сонирхолтой байгааг тогтоосон байна. Судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь 2023 онд аялахад илүү их мөнгө зарцуулна гэсэн бол 10 хүрэхгүй хувь нь аялахаа бууруулна гэжээ.

Ази, Европ, Хойд болон Өмнөд Америкийн 14 орны 1200 орчим өндөр орлоготой хувь хүмүүс болон орлого өндөртэй жуулчдыг судалгаанд хамруулсан байна. Жуулчдын хувьд очих газраа сонгохдоо эн  тэргүүнд эрүүл аюулгүй байдлыг чухалчлан үзэж байгаа бөгөөд нийт оролцогчдын 61 хувь нь аяллын төлөвлөгөө гаргахад очих газрынхаа “Wellness”-ийн үйлчилгээнд анхаардаг гэж судалгаанаас гарчээ.  Судалгаанд оролцогчдын 50 хувь нь алдагдсан цаг хугацаагаа нөхөж, мөрөөдлийн аяллын жагсаалтаа гүйцээнэ гэсэн бол 49 хувь нь онгоцоор бага нисэж, гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөх сонирхолтой гэсэн байна.  Оролцогчдын 45 хувь нь ирэх оноос илүү байгаль орчинд ээлтэй аяллын маршрутыг сонгох сонирхолтой. БНХАУ-ын жуулчдын 81 хувь нь энэ уриалгад нэгдсэн байна. Мөн оролцогчдын талаас илүү хувь нь байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалд 20 хүртэл хувийн илүү зардал гаргахад дургүйцэх зүйлгүй гэж хариулжээ.  Амралт, сувиллын газрууд руу аялал хийх сонирхол нэмэгдэж, далай эрэг болон хот доторх аяллын эрэлт буурчээ. Америк тивийн чинээлэг жуулчид хамгийн их зардал гаргах төлөвтэй байна.  Байгаль орчинд ээлтэй тансаг зэрэглэлийн аяллын хөтөлбөрийг сонгохыг хүссэн жуулчдын тоо цар тахлын дараагаас нэмэгдэх болсон байна. Ялангуяа 35-аас доош насны жуулчдын дунд энэ хандлага ихэсжээ.  Судалгаанаас гарсан нэг баттай үр дүн бол 2023 онд дотоодын болон орон нутгийн аяллын эрэлт тодорхой хэмжээнд байх хэдий ч олон улсын аялал салбарт давамгайлах төлөвтэй байгаа явдал юм. Оролцогчдын талаас илүү хувь нь дотоодын аяллаас гадаад руу явахыг илүүд үзсэн байна. Жуулчдын 52 хувь нь Европ руу, 41 хувь нь Америк тив рүү, 25 хувь нь Ойрх Дорнод болон Ази тив рүү аялах сонирхолтой гэж давхардсан тоогоор гарчээ. Харин чинээлэг америкчуудын хувьд голдуу Япон, Австрали болон Итали улс руу аялах сонирхолтой байгаа аж.

Boss
the authorBoss