Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “АТГ нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендэр сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт холбогдуулан 47 обектод нэгжлэг хийсэн. Хэрэг холбогдуулан 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ажиллаж байна. Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгаа. Яллагдагчаар татагдсан албан тушаалтан дотор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Прокуророос зөвшөөрөл өгсөн нөхцөлд нэрийг зарлана. Нүүрс борлуулалтын талаар, “Эрдэнэс Тавантолгой” компани 2018-2022 оны арванхоёрдугаар дугаар сарын 1-ний хооронд давхардсан тоогоор 633 нүүрс борлуулалтын гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны талаар, “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2018-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний хугацаанд 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа ажил үйлчилгээ, худалдан авах тендэр зарлаж, гэрээ байгуулсан. Нүүрс тээвэрлэлт, Тавантолгой нүүрсний уурхайгаас Цагаан хад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд олон улсын ачаа тээвэрлэлт хийсэн гэрээ, компани үүсгэн байгуулагчийн мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр олон нийтэд ил болгох зорилгоор Засгийн газрын вэб сайтад байршуулна. Бусдад давуу байдал олгосон уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү, авлига авсан уу гэсэн таван чиглэлээр шалгалтыг үргэлжлүүлж байна” гэлээ.