Цаг үе

Өмнөд Солонгосын ганц бие эмэгтэйчүүдийн дөнгөж 4 хувь нь гэрлэх, хүүхэд төрүүлэх төлөвлөгөөтэй байна

Хүн амын нөхөн үржихүйн үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиж буй Өмнөд Солонгос улсын гэрлэх насны залуусын дунд явуулсан санал асуулгын дүн өчигдөр нийтлэгджээ. Тухайлбал Сөүлийн Үндэсний их сургуулийн нийгмийн ухааны профессор Пак Жон Миний зохион байгуулсан судалгааны үр дүн Ням гарагт “Солонгосын Нийгмийн Судалгааны Сэтгүүл”-д нийтлэгдсэн байна. Тэрбээр 20-40 насны гэрлээгүй 281 эрэгтэй, эмэгтэй хүнийг судалгаандаа хамруулжээ. “Гэрлэх болон хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний амьдралын салшгүй хэсэг мөн үү” гэсэн асуултад эмэгтэйчүүдийн дөнгөж 4 хувь нь тийм гэж хариулсан байна. Харин эрчүүдийн 13 хувь нь үүнтэй санал нэгджээ. Эсрэгээрээ “Гэрлэх, хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний амьдралд чухал зүйл биш” гэсэн дүгнэлттэй эмэгтэйчүүдийн 53 хувь, эрэгтэйчүүдийн 26 хувь санал нийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын статистикийн газрын танилцуулсан 2022 оны хүн амын тоо баримт дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Өнгөрсөн онд тус улсын эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 0.78 хүрсэн нь энэ үзүүлэлтийг гаргаж эхэлсэн 1970-аад оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна. Харьцуулбал 2020 оны байдлаар OECD (Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага) байгууллагын 38 гишүүн орны дундаж үзүүлэлт 1.59 байсан юм. Тус байгууллагын гишүүн орнуудаас дээрх үзүүлэлт 1 хүрэхгүй хэмжээнд хүрсэн ганцхан улс Өмнөд Солонгос болжээ. Сүүлийн 16 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын засгийн газар 280 их наяд воныг ($210 тэрбум) хүн амын нөхөн үржихүйн үзүүлэлтийг сайжруулахад зарцуулсан ч үр дүн жилээс жилд улам муудаж байгаа. Хэрвээ бууралт энэ хэвээр үргэлжилбэл тус улсын одоогийн 51 сая гаруй хүн ам 2100 онд 53 хувиар буурч, 24 саяд хүрэх тооцоо гаргасан байдаг.

Boss
the authorBoss