Эдийн засаг

Капитал банкинд байршиж байсан төрийн мөнгө төлөгдөх боломжгүй болжээ

Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэн А, Я, Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд явагдаж, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцов.

Шүүхээс иргэн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, иргэн Я, Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн.

Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нийт өр төлбөр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг багаар буюу дутуу тооцсон учир хохирлын хэмжээ бодитой бус тогтоогдож, улмаар Монголбанканд төлөх ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг, Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрч байна.

Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд эрсдэл учирсан тохиолдолд 20.0 сая хүртэл хэмжээний төлбөрийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпорацаас төлж, үлдэх төлбөрийг Банкны тухай хуульд заасны дагуу банкны зээл, авлагыг төлүүлсэн болон банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос дараалал, журмыг баримтлан барагдуулах ёстой тул төрд учирсан хохирлыг төлүүлэх үүднээс “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гарган шийдвэрлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

“КАПИТАЛ БАНК” ХХК ДАХЬ БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ЗӨВЛӨЛ

Boss
the authorBoss