ОнцлохЭдийн засаг

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс 1 үйлчилгээний талбай, 7 орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлууллаа.

Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлээ шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
Үлдсэн 71 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа өгөх нь нээлттэй.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх бөгөөд тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох мөн 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтын хамт системд хавсаргаж оруулах шаардлагатай бөгөөд бид хүсэлтийн дагуу эргэн холбогдож ажиллах болно.

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж авсан үнэ дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдан борлуулах үнийг тогтоосон.

Мөн дуусаагүй Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй барилгууд бий. Сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга, угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэснээс авч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.

Boss
the authorBoss