Эдийн засаг

“ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН ДЭМЖИВ

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.19/ хамтарсан хуралдаанаар хэлэлцэв. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр, Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулж, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, Төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Энэ үзүүлэлтийг онцгой дэглэм тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад Борлуулалт 4,1 дахин, Тээвэр 3,9 дахин, Экспорт 2 дахин, Орлого 3,9 дахин, Олборлолт 2,7 дахин нэмэгдсэн гэдгийг тодотгосон. Тухайлбал, борлуулалтын хагас жилийн орлогын мөнгөн дүнг компанийн хамгийн их ашигтай ажилласан 2019 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг 2019 онтой харьцуулбал 2 дахин нэмэгдсэн буюу 1,5 их наяд төгрөгт хүрсэн нь нүүрс Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй борлуулдаг болсонтой холбоотойг онцлов.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2021 оны 9 сараас хойш хуримтлагдсан туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөр болох 123 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулан 2023 оны эхний улиралд урьдчилж олсон орлого 286.4 сая ам.доллар буюу 50 хувиар буурч, “ЭТТ” бондын төлбөр болох 236,5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулсан байна. Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгжүүдийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байна гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, 900 гаруй тэрбум ам.долларыг улсын валютын нөөцөд оруулсан. Тогтоолын хүрээнд анх 500 мянган ам.доллар бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан тус компани 6 сарын хугацаанд үүргээ давуулан биелүүлж, ийнхүү валютын нөөц бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг байнгын хорооны хуралдаанаар гишүүд онцоллоо. Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг зайлшгүй 6 сараар сунгаж, дээрх үр дүнг тогтвортой хадгалан цаашид улам сайжруулж, бүхий л үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг оновчтой болгох шаардлагатайг Д.Амарбаясгалан сайд илэрхийлж байв. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гээд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Boss
the authorBoss