Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Афлатон Интернэйшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал ноён Роеланд Монаш нар 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цахимаар уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хүүхэд залуучуудад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хөгжүүлэх, санхүүгийн боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, харилцаа холбоог өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгаад байна.
Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2015 анх баталсан ба орон даяар иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг манлайлж хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн үргэлжлэл болгож, хоёр дахь үе шатыг “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030” болон “Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги” гэсэн хоёр чиглэлээр баталж, хэрэгжүүлж байна.
Афлатон Интернэйшнл нь хүүхэд, залуучуудад нийгэм, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллага юм. Өдгөө тус байгууллага нь 102 улсын 300 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг ба олон талт хамтын ажиллагааг дэмждэг, томоохон сүлжээг бий болгоод байна.