Эдийн засаг

Банкны салбарынхан бүх нийтээр мод тарихыг уриалж байна

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 12 банк, Монголын банкны холбоо, “Тэрбум мод” сан зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” (International Garden of Mongolia)-д Нарс, Шинэс, Гацуур зэрэг төрлийн 1000 гаруй ширхэг модны тарьц суулгалаа. Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж, түүний эдийн засгийн тогтвортой өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад анхаарч буй. Мод тарих нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй аргуудын нэг тул банкны салбарынхан нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр мод тарих аянд нэгддэг.  Харин энэ жил Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банкны салбар нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд мод тарих аянд нэгдэж, “Зөв газарт зөв мод тарих” уриатайгаар дотоодын болон гадаад улсуудын ойн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Цаашид банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт дэвшүүлж буй бөгөөд энэ жил 1.5 сая мод тарьж, Улаанбаатар хотод банкны гудамж, 21 аймагт банкны төгөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тиймээс ч тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, намрын мод тарих эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг та бүхэнд уриалж байна.

Boss
the authorBoss