Цаг үе

Яармагийн гүүрний ажил 12 дугаар сард дуусна гэв

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Нийслэлийн ХУД, БГД-т Туул болон Дунд гол дээр тус 483,1 у/м төмөр бетон гүүрний ажил 2022-2024 он дамжин хэрэгжиж байна. Тус гүүр 2024 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан ч барилгын ажил гүйцэтгэх явцдаа усанд авснаас болж хойшилсон байдаг. Энэ талаар өнөөдөр /2024.06.25/ нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.


-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу авто замын сүлжээг яаж хөгжүүлэх, яаж боловсронгуй болгох тал дээр бид ажилладаг. Хотын таван жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгоно гэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд хотын шинэ замын тойргийн ажлыг хийж байгаа нь тус гүүрний бүтээн байгуулалтын ажил юм.  Гүйцэтгэгч байгууллагаар “Мотор сервис ХХК”, “Туулын гүүр далай ХХК”, “Тэргүүн саруул зам ХХК” ажиллаж байна. Одоогийн байдлаар 391 у/м гүүрний дэд бүтцийн ажил дууссан. Асфальт бетон хучилтын ажил хийгдсэн байгаа. Холбооны шугам шилжүүлгийн ажил хийж байна. Мөн амрах тавцанг цутгах бэлтгэл ажил үргэлжилж байна.Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрийн барилгын ажил ирэх арванхоёрдугаар сарын 30-нд дуусна.Ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу л явж байгаа юм. Усанд автсанаас болж гүүрний төлөвлөлийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс одоо тус гүүрийг барьчихаад буцаагаад нурааж болохгүй. Тиймээс гүүрийг одоохондоо барихгүй.

Түүнчлэн Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа билээ. Гүйцэтгэгч байгууллагаар “Тотал инж ХХК” ажиллаж байна. Одоогийн байдлаар далангийн материал зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд далангийн дээд үеийн доор геотор дэвсэх ажил хийгдсэн. Цэвэр усны нэвтрэх суваг, шугам угсралтын ажил хийгдэж байна гэв.

Boss
the authorBoss