Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралд сайд Б.Дэлгэрсайхан, Засаг дарга Х.Нямбаатар нар танилцуулга хийлээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дээрх 16 журмаас өнөөдөр есийнх нь танилцуулгыг хийв. Юуны түрүүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм. Сангийн хөрөнгө нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасны дагуу авто замын төлбөртэй бүсийн төлбөрөөс бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс төлөх төлбөр, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.
Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 600 автобус оруулж ирж байгаа бөгөөд энэ сардаа багтаж бүгд Улаанбаатарт ирнэ гэлээ. Мөн эдгээр автобусыг нийслэлийн харьяа олон нийтийн өмчит автобус компани болон хувийн секторуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Тэгэхдээ Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмын дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох юм. Тэрбээр “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг мөнгөжүүлж чадвал дахин дунд оврын болон их багтаамжийн автобус худалдан авах боломж бүрдэнэ. Мөн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгслийн төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Энэхүү асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв. Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн.
Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:
- Төвлөрсөн ил авто зогсоол
- Төвлөрсөн дотор авто зогсоол
- Орон сууцны хороолол дундах авто зогсоол
- Гудамж, зам дагуух авто зогсоол
- Их багтаамжтай газар доорх авто зогсоол
- Их багтаамжтай олон давхар зогсоол
- Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.
Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.