улс төр

ХҮН намын даргаар сонгогдсон Т.Доржханд 50 нас хүрээгүй тул Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн гол үйл явдлын нэг нь ХҮН нам даргаа сольж, УИХ-ын гишүүн Т.Доржханд уг улс төрийн хүчнийг удирдахаар болсон. Парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд ХҮН нам ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Т.Доржхандыг ХҮН намын даргад сонгогдсонд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар…нарын нөлөө бүхий улстөрчид баяр хүргэсэн нь улс төрийн учир шалтгаантай хэмээн тайлбарлаж байлаа. 

ХҮН нам даргаа сольсон нь УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж байна хэмээн таамаглах нь ч байв. Гэвч Т.Доржханд нь Ерөнхийлөгчид нэр дэвших 50 насны босгыг давахгүй юм. 

Харин хэнийг хэрхэн нэр дэвшүүлэх талаараа УИХ-ын гишүүн Т.Доржханд “Удахгүй процессоо яриад явна. Ямар хүн нэр дэвшүүлэх вэ гэж олон нийтээс санал авна. Ер нь бол гурван муу хувилбар тулгаад арай дээрийг нь сонго гэдэг байсан. Энэ удаа бол ХҮН дөрөв дэх хувилбар нь болно. Бид зөв хүнийг дэвшүүлнэ гэдэг итгэл үнэмшилтэй байгаа. Иргэдээс саналыг нь авна. Хэнийг дэвшүүлэх вэ, тэр нь эмэгтэй хүн байх уу, эрэгтэй хүн байх уу гэдгийг олон нийтээс асууж байгаад шийднэ. Илүү сонголттой сонгуулийг бий болгоно гэж явж байгаа. Нам дотроо процедураа ярьж шийднэ” гэлээ. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss