улс төр

АН өчигдөр эвлэрлийн ширээний ард суусан ч өнөөдөр эвдэрсэн хэвээр

Ардчилсан нам даргаа тодруулах сунгааг хоёр тусдаа зарлаж, Дотоод сонгуулийн хороо болон намын зарим бүтэц хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрөв. ”Тувааны Ардчилсан нам” энэ сарын эхээр зарласан сунгаанд 16 нэр дэвшигч бүртгүүлсэн ч, тэдний тав нь нэр дэвшиж, С.Зоригийн хөшөөний өмнөөс гараандаа гарч буйгаа зарласан. Тэгвэл С.Эрдэнийн зарласан сунгаа өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрөөс нэр дэвшигчдээ бүртгэх байсан ч хойшлуулжээ. Учир нь тус намын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилга гарган, С. Эрдэнэ, Ц.Туваан нарыг эвлэрлийн ширээний ард суулгав. Өчигдөр орой УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзжээ. Уулзалтын үр дүнд хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэж нэг дор явуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс энэ сарын 19-ний өдөр сунгаанд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэлийг хийж эхэлнэ гэж тус намын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Гэвч өчигдөр эвлэрлийн ширээний ард суусан ч Ардчилсан нам эвдэрсэн хэвээрээ гэдэг нь өнөөдөр ч харагдсаар байна. Ц.Тувааны гэгдэх Ардчилсан намын сунгааны тав Архангай, Булган , Баянхонгор аймгийн гишүүд дэмжигчидтэй цахим уулзалт хийв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талынхныг тэд хүлээсэнгүй. 

СУНГАА ШУДАРГА БОЛДОГ УУ 

Ардчилсан намын хувьд сунгаа гэдэг шинэ зүйл биш. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүдээ ч тэр, намын даргаа ч тэр сунгаагаар тодруулах дүрэмтэй Ардчилсан намын хувьд ил тод, ардчиллын зарчим мэт боловч далдуураа “дотоодын дайн”, толхилцоон, хуйвалдааны үндэс суурь нь болдог. Өнгөрсөн хугацааны олон сунгаа үүнийг батлах ч Ардчилсан намын даргын өмнөх сунгааг энд иш татъя. Сунгаа шударга болоогүйг 2017 оны намын даргын төлөөх дотоод сонгуулийн үр дүн харуулна. Төв аймгийн Борнуур сумын насанд хүрсэн нийт иргэдийн 40 хувь нь Ардчилсан намын гишүүн болсон гэсэн гайхалтай статистик гарав. Баг болон нийгмийн даатгалын ажилтнууд 10 мянгаараа Ардчилсан намын гишүүн гэж бүртгүүлээд сонгууль өгсөн хэрэг бүртгэгдлээ. Найман мянга орчим гишүүний бүртгэл дээр регистрийн дугаар зөрсөн, давхцсан, овог нэр урд хойноо орсон асуудал илэрчээ. Женко группийн олон мянган ажилтан нэгэн зэрэг Ардчилсан намын гишүүн болж, нэг хугацаанд намын гишүүний татвараа төлөв. 16 мянган гишүүн огцорсон дарга, С.Эрдэнийн ар тал, “Шонхор” фракцийн голлох этгээд З.Энхболдын захирамжаар санал өгөх эрхээ хасуулав. З.Энхболдын энэ шийдвэр нь Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёрын саналыг хугаслах ач холбогдолтой байжээ. Учир нь С.Эрдэнэ өрсөлдөгчөөсөө 1000 хүрэхтэй үгүйтэй оноогоор тасарч байсан юм. 

Энэ бол Ардчилсан намын дотоод сонгуульд намын гишүүд дэмжигчид сэтгэлийн дуудлагаараа оролцож саналаа өгдөггүй, жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн лидер намын толгойд гардаггүйн жишээ. Ардчилсан намын сунгаа нэг намын дотоод хэрэг мэт боловч цаагуураа хүчтэй, төлөвшсөн сөрөг хүчин Монголын улс төрд, засаглалын хяналтад нэн шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дотоод сонгуульд зөвхөн “Ардчилсан нам” ялдаг  биш  ард  түмэн ялдаг байх нь  чухал.

Т.Цэлмэг \bossnews\

Boss
the authorBoss

128 Comments

Comments are closed.