Л.Энх-Амгалан: Сурагчид электрон тамхи татах нь ихэсжээ, эцэг эх, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй
“ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү. Эцэг, эхүүд, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй” хэмээн БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаст мэдээлжээ.
Сүүлийн үед хүүхэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн. Мөн хуулийн хүрээнд үүнийг 21-ээс доош насны хүнд худалдахыг хориглодог ч дэлгүүрт насанд хүрээгүй хүүхдүүдэд зарах зөрчлүүд гарсаар байгаа аж.
ДЭМБ: ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХИМИЙН БОДИСУУД АГУУЛДАГ
Дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1,1 тэрбум хүн байдгаас 60 хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл аж. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж ДЭМБ-ын албан ёсны сайтад бичжээ.
Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхичин хүн анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлдөг байна. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Мэдээж үнэр оруулагчийг хүнсэнд ч хэрэглэдэг шүү дээ гэж та хэлэх байх. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний орц найрлаганд маш бага хэмжээгээр агуулагддаг байна.
ЭЛЕКТРОН ТАМХИ БУЮУ ВЭЙП ГЭЖ ЮУ ВЭ?
Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна.
Үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхи хаяхад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор уршиг харьцангуй бага гэж сурталчилдаг ч шинжлэх ухааны судалгаагаар нотолсон зүйл байхгүй гэжээ.
ДЭМБ-ын тайлангаас үзэхэд цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй бөгөөд эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй гэсэн байна. Учир нь электрон тамхины шингэний найрлаганд глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна.