Тагнуулын Ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар мэдээлэл хийж байна. Түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, түүний дансанд их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан гэх мэдээллийг албаныхан өгч байв.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр “Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон. Тиймээс өчигдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Түүний гэрт хуулийн хүрээнд нэгжлэг хийхэд их хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Өчигдөр түүнийг үйлдэл дээр нь баривчилсан.
Хуульд “Монгол Улсын иргэн Гадаадын тагнуул алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан хадгалж дамжуулсан бол найман жилээс 15 хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан.