Цаг үе

ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотуудын найрсаг харилцаа хамтын ажиллагааг тэлэх, нэг бүс нутагт оршдог хотуудын хувьд ижил төсөөтэй байдалд түшиглэсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо. Амбан захирагч А.В. Усс “Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй байж, Улаанбаатар, Красноярск хот хооронд харилцааны шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотод ижил төстэй тал олон. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг бол, Красноярскт Сибирийн бүс нутгийн иргэдийн дийлэнх олонх нь байна. Мөн хоёр хотын хөгжлийн боломж ижил учраас талууд харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой…” гэсэн юм.

 Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…Айлчлалын үеэр яригдсан ажил хэрэгч яриа, гэрээ хэлэлцээрийг эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд хотын зүгээс анхаарч, манлайлан ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 1 тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж байна Сибирь бол дэлхийн уушги болсон ногоон бүс. Ийм туршлагатай хөрш манай хойно байгаад бид мөн олзуурхаж байгаа…“ гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаараа олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, уулзалтаар яригдсан асуудлууд, байгуулсан санамж бичиг, хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг дурдлаа.

Уулзалтын үеэр Монголын талаас Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ихбаяр, Ү.Оюунзул, Б.Мягмар, Б.Өнөбат болон Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, хэлтсийн дарга М.Халтар нар оролцсон бол нөгөө талаас ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Boss
the authorBoss