Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.23-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээний 4134 хүн шинжилгээ хийхэд 57 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Үүнийг задалбал 43 нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн, ес нь сахиур, хоёр нь өвчтөний гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн захиргааны ажилтан, үлдсэн нэг хүн нь арванхоёрдугаар сарын 14-нд эмнэлгээс гарсан иргэнээс тус тус илэрсэн байна. Шинээ илэрсэн бүх хүмүүсийг хавьтлаар тусгаарласан бөгөөд хоёр дахь давтан шинжилгээнээс илэрчээ.
Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлаж байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтнаас коронавирус илэрчээ. Улаанбаатар хотын голомод нийт халдвар авсан хүний тоо 274 болсон байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгээс бусад таван аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1063 болсноос 541 нь эдгэрч, 513 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 хүн байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.