Их Британид тархаж эхэлсэн шинэ вирусийн халдвар АНУ, ХБНГУ, Франц, Швейцарт бүртгэгдсэн байх магадлалтай байна
Их Британид саяхнаас тархсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар аль хэдийн АНУ, Герман, Франц, Швейцарт бүртгэгдсэн байх магадлалтай байгааг дээрх улс орнууд мэдээлж байна.
Борис Жонсоны Засгийн газар илүү хурдан тархаж буй шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг зогсоохын тулд тогтоосон хөл хорионы цар хүрээг нэмэгдүүлэх талаар судалж байна. Энэхүү вирусийн эсрэг “BioNTech”-ийн вакцин үр нөлөөтэй гэдгийг тус компани мэдээллээ. Хэдий тийм боловч шаардлагатай бол нэмэлт өөрчлөлтийг зургаан долоо хоногийн дотор хийх боломжтой гэж барууны эрх баригчид мэдэгдэж байна.
Швейцар улс “Pfizer”-ийн вакцинаас эхний ээлжид 107 мянган тунг хүлээн авсан байна. Тус улсын хэмжээнд вакцинжуулалт ирэх сарын дөрвөний өдрөөс эхлэх бөгөөд 75 ба түүнээс дээш насныхан, өндөр эрсдэл бүхий архаг хууч өвчтэй хүмүүсийг эн тэргүүнд вакцинжуулахад анхаарч байна.
Харин Чили улсын Засгийн газар 18 сая хүнээ хоёр тунгаар вакцинжуулахад хүрэлцэх хэмжээгээр вакцины гэрээ хэлэлцээр хийгээд байна.
Тайваньд дөрөвдүгээр сараас хойш анх удаа дотоодод халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улс хамгийн удаан хугацаагаар дотоодод халдвар алдаагүй улсаар нэрлэгдэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден цар тахлын хамгийн хүнд хэцүү өдрүүд айсуйг анхаарууллаа. Ирэх оны эхээр эдийн засгаа дэмжих төсөв дахин батлахад бэлтгэлтэй байхыг Конгресст уриалсан байна. Тус улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи “Moderna”-ийн вакциныг хийлгээд байна. Тэрбээр уг вакцины үр нөлөө, аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 78.3 сая, эндсэн 1.7 сая тохиолдол бүртгэгдээд байна. Харин 55.1 сая хүн эдгэрчээ.
О.Ууган-Эрдэнэ