ХСҮТ дээр ирээд нас барсан иргэний ар гэрийн нэг хүнээс, тус эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрчээ
Хавдар судлалын үндэсний төвд элэгний хавдар оноштой, биеийн байдал нь маш хүнд өвчтөн энэ сарын 19-ний өдөр ирээд нас барсан байна. Тэрбээр яаралтай тусламжийн үйлчилгээ авсан ч харамсалтай нь таван цаг орчмын дараа нас барсан аж. Харин уг талийгчийн ар гэрийн нэг хүнээс болон Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн аж. Тиймээс хаанаас халдвар тархав гэдгийг судалж үзэхэд 2020.12.19-нд ХСҮТ дээр ирээд нас барсан иргэн өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан нь тогтоогджээ.
Гэхдээ ХСҮТ дээр ирээд нас барсан иргэн халдвартай байсан гэдэг батлагдаагүй бөгөөд талийгчийг хөдөөлүүлсэн учраас цаашид ч батлах боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Харин талийгчийг хөдөөлүүлэх ажилд оролцсон 50 гаруй хүнээс шинжилгээ авсан бөгөөд, ойрын хавьтал бүхий 30 гаруй хүнийг тусгаарлаад байгаа аж. Харин ойрын хавьтал нэг иргэнээс коронавирус илэрсэн нь энэ юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХСҮТ дээр маш хүнд өвчтөн ирж байхад бид эхний ээлжинд тухайн хүний амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг авах ёстой. Хүний амь нас гэдэг цаг хугацаагаар хэмжигддэг. Тиймээс шууд хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан. Гэхдээ хэдийгээр өвчтөн нас барсан ч шинжилгээг авах ёстой юм байна гэдэг эндээс харагдлаа” хэмээлээ.
Т.Цэлмэг /Bossnews/