Цаг үе

БАРИМТ 5: Хар тамхитай тэмцэх газар 151,000,000 төгрөгөөр жийп авах тендер зарлалаа

Улс даяараа хэмнэлтийн горимд  шилжсэн гэж байгаа ч угтаа төрийн албанд энэ нь  үйлчлэхгүй байна. Манай сайт  төрийн  албаны дарга нар туулах чадвартай  тансаг жийп  худалдан  авч буй  тухай баримтуудыг цувралаар  хүргэж буй.  Өнгөрсөн оны сүүлээр  буюу төрийн сан хаагдахаас өмнө албан тушаалтнууд албаны “унаагаа юүлж” амжсан баримтуудыг хүргэсэн  бол  энэ удаа тансаг жийп  худалдан  авахаар тендер зарласан баримтыг дэлгэе.  

Цагдаагийн  ерөнхий газраас  2021.01.08-нд Хар тамхитай тэмцэх газарт шаардлагатай автомашин худалдан авах тендерийг  зарлажээ.  

Нийт 269,900,900 төгрөгийн төсөвт өртөгтэй уг  тендерт  хоёр  машин нийлүүлнэ.  

Багцыг задалбал  151,000,000 төгрөгөөр  туулах чадвар сайтай автомашин буюу жийп 1-ийг, хүн тээврийн  16 хүний суудалтай бага оврын  автобус 1-ийг  тус тус худалдан авах аж. 

Хар тамхи, мансууруулах  бодисын төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлага нэн тулгамдсан  асуудал  болоод буй нь үнэн. Манай урлаг соёлын одууд,  улстөрчдийн  хүүхдүүд,  өсвөр нас,  залуу үеийнхний дунд  хар тамхи,  мансууруулах төрлийн  бодисын  хэрэглээтэй холбоотой сэтгэл  түгшээсэн  тоо,  тохиолдлууд урсдаг зар  шиг  л  уншигдах  болсон.  Тэр ч байтугай Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд  боловсрол  олгохоор  манай улсад ирсэн  хувийн сургуулийн  гадаад  багш  нар  ч хар тамхи  татдаг, мансуурдаг  байсан  нь илэрч байсан  удаатай.  

ЗАСГИЙН ГАЗРААС ТӨСӨВ БҮРДЭХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТЙГООР  ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ
ТОГТООЛ  ГАРГАСАН Ч ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил үнэтэй жийп унаснаараа хэрэгжинэ гэвэл өрөөсгөл. Төрийн  албанд  тэвчиж болох зардал, хэмнэж болох хэрэглээ гэвэл  тавилга эд  хогшил,  үнэтэй машин,  оффисын  барилга байшин  болоод буй. 

Засгийн газраас ч төсөв бүрдэхгүй байгаатай холбоотойгоор тогтоол гарган төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин, тэтгэврээс бусад зарлагыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан.  

Бүр  тодруулбал  2020.03.27  гаргасан   БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ тогтоолд  

 3.4. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлын санхүүжилтийг түр зогсоох: 

            3.4.1. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх;

            3.4.2. хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал;

            3.4.3. цалин хөлснөөс бусад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр;

            3.4.4. бараа үйлчилгээний бусад зардал. 

Гэвч Засгийн газрын баталсан тогтоолыг биелүүлж,  төсвийг  хэмнэж буй төрийн албаны дарга гэж даанч  алгадаа Сангийн сайд аа.    

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss