Онцлохулс төр

34 хувиа роялти татвараар солино гэдэг амаргүй, ПОП-ын аваргууд Их хуралд олон

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой”-н асуудлаар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Уг ярилцлагад Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэгийн хийсэн Дубайн гэрээний талаар ноцтой зүйл ярьсан юм.  Уг хэсгийг сийрүүлбэл “Далд уурхайн бүтээн байгуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж авчирна гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ 2020 онд танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийн санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээд буурахаар байгаа. Тодруулбал, Далд уурхайгаас Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг хүртэхгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна Оюутолгой ХХК ААН-ийн орлогын татварыг 2051 он хүртэл ердөө дөрвөн жилд нь төлөхөөр тооцоог өгсөн байгаа. Компани 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь ААН-ийн орлогын албан татвар төлнө гэдэг бол маш чамлахаар үзүүлэлт. Тиймээс “Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого хүртэл буурч байгаа нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй, энэ асуудлыг эргэж ярих хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд явуулаад байна” гэсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгод  нээлттэй захидал илгээснээс онцлох хэсгийг түүвэрлэн хүргэе.  

 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү

Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ногдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум ам.долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ. 

Ядаж Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл ав 

     Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй.

Гэрээнд нэмэлт, өөрчлөлт  хийх 5 жилийн хугацаа өнгөрөөд байна 

Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна”

ХОГ хийсэн хүмүүст  авлига авах ямар ч боломж байдаггүйг би баталж чадна 

“Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ. 2009 оны ХОГ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна.

34 хувиа роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй, ПОП-ын аваргууд Их хуралд  олон  

Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.

Төрийн байгууллагынхан одоо шоронд  орохоос айж,  хулчийсан байгаа,  тэд хэзээ ч санал санаачилга гаргахгүй 

Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө.

2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа 

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. ОТ төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss