Урд орой Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн. Засгийн газрын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна. Тийм хэдий ч дараагийн Шадар сайд, Эрүүл мэндийн сайд хэн болох вэ гэдэгт хэд хэдэн нэр яригдаж эхэллээ. Хоёр ч сайдын суудал сул гараад ирэхээр аргагүй биз, Төрийн ордонд урд шөнө юм юм л болсон сурагтай. Сайд болох боломжтой хүмүүсийн нэр эхнээсээ дуулдаж, зарим нь өөрийгөө дэвшүүлж, бүр намын удирдлагын түвшинд яригдаж эхэлсэн гэх мэдээ ч байна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл.
Намынхаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, МАН-ын бага хурлын гишүүнээр олон жил сонгогдсон, 2011 оноос намын нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн гээд сонгогддог болон томилогддог улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг удаан хугацаанд хашиж ирсэн гэдэг утгаараа Д.Сарангэрэл байж болох хувилбар гэж үзсэн бололтой. Мөн намын даргын ойрын хүрээлэлд хамаардаг гэх нь ч бий.
Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй асан тэр цаг хугацааны гавьяаг өөртөө нааж “Төрийн хатан эрдэнэ” хүртэл болсон нэгэн. Өргөмжлөлийн утга агуулга эрхэм сайдын үйл хэрэг нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэрбээр “…Миний үед ЭМЯ ийм байгаагүй, би байсан цаг үед коронавирусийг дотооддоо алдаагүй” гэдэг мессежийг албаа шилжүүлснээс хойш нийгэмд өгсөөр ирсээр ирсэн нь үнэн.
Давхар дээлтэй сайдад өөрийн байгаагаас арай өндөр “сэнтий” болох Шадар сайдын суудал ойрхон санагдсан ч байж мэдэх юм. Гэхдээ нэр дэвшигчийн нэр нэгээр тогтохгүй бөгөөд дор хаяж таваас доошгүй хүн нэр дэвшиж таарна. Удирдах зөвлөлөөс дэмжлэг авахгүйгээ мэдээд бодлоо тас нуух энэ тэрээр нь тооцвол МАН-ын бага хурлын гишүүн бүрд сайд болох хүсэл бий. Гэхдээ МАН аливаа томилгоонд атгасан шагай шиг байж, хар хороо хөшигний цаана нууж чаддаг зарчимтай. Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ хугацаанд ЗҮасгйн газрын хоёр сайдыг цаг хугацаа алдаглуулахгүй, төр засгийн ажлыг цалгардуулахгүй завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн Ерөнхий сайдыг байр суурийг гишүүдийн олонх эрх биш ойлгох биз ээ.
Г.Баяр /Bossnews/