Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, өөрийн тэргүүлсэн Засгийн газраа огцруулж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэл хийх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн хэмээв. Мөн тэрбээр “Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.
Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм.
Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ.
Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн өчигдөр болсон жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн “Төр түвшин түмэн олон маань амгалан байх явдал нь төрийн өндөрлөгүүдийн асуудал байдаг. Харамсалтай нь өнөөгийн ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа. Улс орныхоо тогтвортой байдлыг бодож, цар тахлын хүнд цаг үед үймээн самуун гарах вий, улс төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэх вий хэмээгээд би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайдынхаа хувьд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш, нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайд томилогдох ёстой. Тогтвортой байдлыг хангаж, ард түмнээ цар тахлаас хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой” гэлээ.
Т.Цэлмэг /Bossnews/