улс төр

Л.Оюун-Эрдэнэ намын дарга биш бол шүдгүй арслан

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг “Тоглоомын Засгийн газар” гэдэг байв. АН-ын даргын албан тушаалыг Н.Алтанхуягаас хүчээр авч, Ерөнхий сайдын суудлаас нь огцруулан “жирийн” гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Үүний улмаас АН-ын өмнөөс шийдвэр гаргах бүх эрх мэдэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга З.Энхболдод тухайн үед төвлөрөөд байлаа. Өөрөөр хэлбэл, АН дахь дүрмийн бус тэр тоглолт Ч.Сайханбилэгийг “утсан хүүхэлдэй” болгосон юм. 

Тэгвэл тун удахгүй бүр тоглоомын Засгийн газар жинхэнэ утгаараа байгуулагдах гэж байна. У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулж, дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр заан дэвшүүлсэн. Намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд У.Хүрэлсүхийн үгийг ёсоор болгоод буй. 

Хэдийгээр УИХ-д суугаа МАН-ынхан, намдаа нэр нүүртэй жирийн гишүүд ч шинэ Засгийн газарт сайд болохоор төрийн ордноор, намаар, хэвлэлээр … гээд байж болох бүх хэлбэрээр санаагаа ил, далд илэрхийлж, дайж байгаа ч бүр нөлөөтэй, олон жилийн туршлагатай, хуучин нөхдүүд нэг л ил гарахгүй байгааг анзаарч буй биз. 

Учир нь, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар наанадаж ирэх долдугаар сар, цаанадаж аравдугаар сар хүртэл “амьдарна”. Төрөхийн эмнэлгээс нимгэн нойтон хувцастай гаргасан ээж, хүү хоёроос уучлалт эрж, улс төрийн хариуцлага хүлээсэн хэмээх нэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ нэгэнт зарласан У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэхдээ, намын даргын тамгыг өгөөгүй. Өгөх ч үгүй бололтой. Тэр намын дарга хэвээр ирэх зун Ерөнхийлөгчийн сонгуульд орно. Нэг зүйл тодорхой нь зургадугаар сарын сонгуулийн дүн яаж ч гарсан МАН-ын даргын суудлыг тэрбээр хэн нэгэнд шилжүүлж өгнө. Ялбал, Үндсэн хуулийн дагуу тэрбээр намаасаа татгалзана. Ялагдвал улс төрийн хариуцлага хүлээж мөн л намын даргын албан тушаалаа өгнө. Харин ялсан, ялагдсан аль ч тохиолдолд МАН шинэ даргатайгаар 100 жилийн ойгоо угтах юм. 

Харин тэр хүртэлх хагас жил хүрэхгүй хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тоглоомынх байх бодит эрсдэл байна. Нийгэмд үнэлэмж муутай гүйцэтгэх засаглал болон шүүх, хүчний байгууллагууд харцаараа хөдөлгөж буй Ерөнхийлөгчийг шүүмжлэх, тэмцэх нэрээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хагас жил хүрэхгүй хугацааны улс төрийн тоглолтоо хийнэ. Сонгууль хүртэл Л.Оюун-Эрдэнэ улсын Ерөнхий сайд ч дээшээ парламентад нөлөөгүй, дэргэдээ намдаа хүчгүй шүдгүй арслан адил улс төрийн эрх мэдэлгүй л байна. Намын даргын эрх мэдлээр дамжуулж намаа зангидах, үгэндээ оруулах, Ерөнхий сайдын захирамж дор улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл, боломжийг Л.Оюун-Эрдэнэд өгөөгүй байна.  Засгийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд хүн дээрээ улс төрийн удирдлага, чиглүүлэгчтэй байх нь эрх мэдэл хуваагдаж, хүчгүйдэхэд л нэмэртэй болохоос бус, танхимын тогтвортой байдлын баталгаа болж угаасаа чадахгүй. Тэгэхээр  өрөөсөн гаргүй Ерөнхий сайд өнөөдөр томилогдлоо ч маргааш  унахад  амар гэсэн үг.  

Хоёрдугаарт, Монголын улс төрд, тэр дундаа МАН-д үе солигдож байгаа нь үнэн ч наяад оны залуу нэгдүгээр эгнээ рүү гарч, 100 жилийн түүхтэй, өнөөдөртөө үнэмлэхүй олонхоор эрх барьж буй хөгшин намын дарга болно гэдэг юу л бол.  Учир нь, энэ намын их  улс төрийн бодлогыг хөшигний цаанаас залдаг тэр хэсэгт  үе солигдоогүй хэвээр л байгаа.Түүнээс 1970-аад оны төлөөлөл болох Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын улстөрчид тийм ч амархан доод үеийнхэндээ зайгаа тавьж өгөхгүй нь лавтай. 

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss